БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ: “ҮНДЭСНИЙ БОЛОН САЛБАРЫН ЖЕНДЭРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран хэрэгжүүлж буй “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд баруун бүсийн сургалтыг 09 сарын 10-12-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар төрийн албан хаагчдын жендэрийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэйгээр төлөвлөх, жендэрийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахыг зорилоо.

Сургалтанд Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгуудын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, спортын газар, харьяа байгууллага, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн комисс, бусад салбарын агентлагуудын төлөөлөл, нийт 100 хүн  хамрагдлаа.

Сургалтыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн жендэрийн салбар хорооны дарга А.Гылымхан, Монгол Улсын Ерөнхий сайдын жендэрийн асуудлаарх зөвлөх Д.Сүхжаргалмаа, АХБ-ны жендэр, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтан Б.Цолмон нар нээж үг хэллээ.

Сургалтыг “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн жендэрийн зөвлөх багийн зөвлөх багш О.Оюунцэцэг, Б.Онон, Т.Амгалан нар хөтлөн явуулсан бөгөөд жендэрийн тэгш байдал, жендэрийн бодлого төлөвлөлтийн талаарх чадавхийг бэхжүүлэхийн зэрэгцээ “Салбаруудын жендэрийн бодлого төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх арга зам, нөөц боломж” сэдвээр бүлгийн ажил, “Салбаруудын жендэрийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд хийгдэх зохицуулалт, түншлэл, хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Мөн 6 салбарын жендэрийн талаар баримтлах бодлогыг хэвлэмэл байдлаар, сургалтын пресентаци, лекцийг хэвлэмэл болон компакт дискэнд хуулсан хэлбэрээр хүргэлээ.

Энэхүү сургалт нь салбаруудын орон нутаг дахь нэгжийн удирдах болон ахлах мэргэжилтнүүдийг хамруулж, чадавхийг бэхжүүлснээс гадна салбарууд дахь жендэрийн бодлогыг салбар дунд танилцуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд салбаруудын ажлын уялдаа холбоог сайжруулснаараа онцлог сургалт боллоо.

Сургалтын үнэлгээнээс үзвэл, сургалтын агуулга нь хэрэгцээнд нийцсэн, зохион байгуулалтын хувьд сайн хэдий ч, сургалтын хугацаа хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандсан. Мөн сургалтыг цаашид илүү өргөн хүрээнд бүх шатны төрийн албан хаагчид болон бүх түвшний удирдах ажилтнуудыг хамруулах, салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлсэн энэ жишиг арга хэмжээг цаашид тогтмол давтамжтай зохион байгуулах, салбаруудын жендэрийн бодлогыг олон нийтэд сурталчлах, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, сургалтын хугацаа бага агуулга их байгааг анхаарах зэрэг санал, санаачлагыг дэвшүүлснийг ажил хэрэг болгон ажиллана.

alFJ0g5aUUErUxU.JPGIKv0FpyG4Meujj4.JPG54k7pwyeJSBJ7FQ.JPGBczD0cg0tllAhal.JPGUit2KJsoEeKkKwo.JPGnses79pLTwkwR8Y.JPGLv05h9X48nFYZLJ.JPGhPQIv35v0uGpAg9.JPGcPQFwuM0MFEAJsA.JPGG9Hn3vc7z678op7.JPG