“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 5 ДУГААР ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын ээлжит 75 дугаар чуулган Тайланд улсын Бангкок хотноо 2019 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
“Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус чуулганыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалж байгаа бөгөөд Жендэрийн үндэсний хорооноос Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, зөвлөх О.Оюунцэцэг нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” сэдвээр тусгай арга хэмжээг тус чуулганы үеэр буюу 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав.

“НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Монгол Улс анх удаагаа сонгогдож, 2019 оны 1 сараас ажиллаж эхэлсэн. Тус зөвлөлд Ази, Номхон далайн бүлгээс сонгогдон ажиллаж буй  Бангладеш, БНЭУ-тай хамтран бүс нутагт идэвхтэй оролцоогоо хангах,  тулгарч буй бэрхшээлийг даван туулах, сайн туршлагаа хуваалцахад арга хэмжээний зорилго чиглэсэн байна.

vo5gtNHWwosF4I2.jpg

Тусгай арга хэмжээнд 50 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ази, Номхон далайн эдийн  засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана нар оролцож үг хэлэв. Мөн уг арга хэмжээний үеэр “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын бүсийн төвийн орлогч захирал Анна-Карин Ятфорс Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилтийн явц, бүс нутгийн зарим сайн туршлагыг танилцуулсан бөгөөд Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, Бангладеш Улсын Сангийн яамны Эдийн засгийн харилцааны хэлтсийн дарга Абдул Баки, Бангкок дахь БНЭУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Аббагани Раму нар оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр тэдгээр орны Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, тулгарч буй бэрхшээл, сайн туршлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

dGhZCS3YTPZ74Nz.jpg

“Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй Комиссын чуулганы үеэр  жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг явуулсан нь чухал ач холбогдолтой боллоо.

A88kvwUTc13vcqL.jpg