“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Ы ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Жендэрийн үндэсний хороо 2016 оноос эхлэн тус аяны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, уриалах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахад төрийн болон төрийн бус байгууллагуудыг өргөнөөр хамруулж зохион байгуулж ирсэн.
Энэ жил тус аяныг “ОЙлГОЁ ХҮНдэлье- гэр бүлийнхээ төлөө“  уриан доор жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд  эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалан тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна.
Түүнчлэн аяны хүрээнд Жендэрийн үндэсний хороо нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэр бүл нийгэмд гүйцэтгэх үүрэг оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, үндэсний уламжлал, дэвшилтэт зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх мэдээлэл сурталчилгааны ажил өрнүүлэх, хүчирхийллийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.