БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

ЖЭТБХтХууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Тус яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзах уулзалтад Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Чойжилгарав, Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Г.Ууганбаяр, ҮСХорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Т.Оюунсүрэн нарын хамтарсан ажлын хэсэг оролцлоо.
Тус уулзалтаар Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Жендэрийн салбар зөвлөлд холбогдох дараах асуудлаар зөвлөмж өгч ажиллаа. Үүнд:
1. Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнг салбар тус бүрээр ирэх 11 дүгээр сард танилцуулж ажиллана;
2. 2021 онд ЖЭТБХтХуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэж хүргүүлж ажиллах учраас холбогдох салбарууд үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангаа цаг хугацаанд нь чанартай боловсруулж өгөхөөс гадна Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягтыг албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалаар батлуулсан тул холбогдох мэдээгээ хуваарьт хугацааны дагуу хүргүүлж ажиллахад анхаарах;
3. ЖЭТБХтХууль,Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын модулийг Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвшилцөн боловсруулсан бөгөөд БШУЯ-ны нийт удирдах албан тушаалтан болон харьяа агентлагийн удирдах ажилтнуудыг тус сургалтад хамруулах мөн түүнчлэн салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй тул удирдах түвшинд жендэрийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх үүднээс цаашид зохион байгуулагдах сургалтанд бүрэн хамруулах;
4. БШУЯ-ны салбарын хүйсээр ангилсан статистикийг хүртээмжтэй болгох;
5. ЖЭТБХтХуулийн 11.4-т заасны дагуу Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос санаачлан боловсруулж буй “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд баримтлах жишиг зааварчилгааг” тус яамны түүний нийт харъяа агентлагууд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа тусгаж ажиллах;
6. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-ний хэрэгжилтэд анхаарч ажиллахаас гадна БШУЯ-ны салбарын хүрээнд “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах;
7. ТЖАХ-ийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын болон өөрийн харьяалах агентлагийн дарга нартайгаа байгуулахдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах талаар холбогдох ажлуудыг тусгуулж батлуулах талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Тус уулзалтаар Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй сайн туршлагаа танилцууллаа. Тухайлбал Увс аймгийн Бөхмөрөн сумын дотуур байранд туршин хэрэгжүүлж буй малчин өрхийн хүүхдийн бага боловсрол эзэмшихтэй холбогдуулан 6 настан болон (залуу) малчин өрхөд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Малчин өрхийн хүүхдэд бага боловсрол олгох бодлогын хэрэгжилтийг жендэрийн арга зүйгээр дэмжих” зорилгоор 6 настай хүүхдийг сургуулийн орчин дотуур байранд ашиглагдахгүй байсан буланг олон нийт, сургуулийн нөөц боломж, уул уурхайн компаний дэмжлэгтэйгээр засварлаж “Эцэг эхийн өрөө”-г ажиллуулж байгаа талаар танилцууллаа. “Эцэг эхийн өрөө”-г гаргаж өгснөөр эцэг эхчүүд сургуульд орсон бага ангийн хүүхэдтэйгээр түр хугацаанд хамт байж, дасгах боломж бүрдүүлж, хүүхэд эцэг, эхээсээ хол аливаа нэг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нөхцөл боломжийг бий болгож өгсөн талаар онцоллоо.
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Д.Батбаатар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж ажиллахаас гадна салбарын жендэрийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж ажиллахаа хэллээ.