ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

ЖЭТБХтХууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Тус яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзах уулзалтад Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын референт Ю.Оюунжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Г.Ууганбаяр, ҮСХорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Т.Оюунсүрэн нарын хамтарсан ажлын хэсэг оролцлоо.
Тус уулзалтаар Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Жендэрийн салбар зөвлөлд холбогдох дараах асуудлаар зөвлөмж өгч ажиллаа. Үүнд:
1. Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнг салбар тус бүрээр ирэх 11 дүгээр сард танилцуулж ажиллана;
2. 2021 онд ЖЭТБХтХуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэж хүргүүлж ажиллах учраас холбогдох салбарууд үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангаа цаг хугацаанд нь чанартай боловсруулж өгөхөөс гадна Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягтыг албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалаар батлуулсан тул холбогдох мэдээгээ хуваарьт хугацааны дагуу хүргүүлж ажиллахад анхаарах;
3. ЖЭТБХтХууль,Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын модулийг Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвшилцөн боловсруулсан бөгөөд ХЗДХЯ-ны нийт удирдах албан тушаалтан болон харьяа агентлагийн удирдах ажилтнуудыг тус сургалтад хамруулах мөн түүнчлэн салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй тул удирдах түвшинд жендэрийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх үүднээс цаашид зохион байгуулагдах сургалтад бүрэн хамруулах;
4. ХЗДХЯ-ны салбарын хүйсээр ангилсан статистикийг хүртээмжтэй болгох;
5. ЖЭТБХтХуулийн 11.4-т заасны дагуу Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос санаачлан боловсруулж буй “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд баримтлах жишиг зааварчилгааг” тус яамны түүний нийт харьяа агентлагууд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа тусгаж ажиллах;
6. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-ний хэрэгжилтэд анхаарч ажиллахаас гадна ХЗДХЯ-ны салбарын хүрээнд “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах;
7. ТЖАХ-ийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын болон өөрийн харьяалах агентлагийн дарга нартайгаа байгуулахдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах талаар холбогдох ажлуудыг тусгуулж батлуулах талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө.
8. Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ үед хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан үндсэн зарчим, бодлогыг тусгуулахаар “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх”, “Ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрт байдлыг” хангах зэрэг холбогдох саналыг боловсруулж, тусгуулахаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Тус уулзалтаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Б.Баасандорж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан Жендэрийн салбар зөвлөлийн гишүүдийг Ажлын хэсэгт танилцууллаа. Мөн тэрбээр хэлэхдээ Хууль сахиулах байгууллагуудын бүх түвшний удирдах ажилтнуудын жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, бодлого төлөвлөлтөндөө жендэрийн дүн шинжилгээ хийж, ашиглах чадавхыг дээшдүүлэх, Хууль сахиулах салбарт ажиллаж байгаа эмэгтэй, эрэгтэй хүмүүст тэгш боломж олгосон, жендэрийн ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан аливаа хүчирхийллээс ангид ажлын орчин болгох, салбарт жендэрийн тэгш боломжийг дэмжсэн эрх зүй, бодлогын орчин бий болгож, эмэгтэйчүүдийн оролцооны чадавхыг дээшлүүлэхээр зорилт тавин ажиллах болсноо онцоллоо. ХЗДХЯам нь цаашид Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан үндсэн зарчим, бодлоготой нийцүүлэн тусгуулж ажиллахаа хэллээ.