Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцлээ.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахал, улс орны өндөржүүлсэн бэлэн байдлын үед Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын 3 дахь илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 36 дугаар чуулганаар танилцууллаа.
Тус чуулганд Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид цахимаар оролцож, илтгэлээ хэлэлцүүлэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гишүүн 192 орны нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг хэлэлцэх зорилгоор гишүүн орон бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам хэлэлцэх “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг (UPR–Universal Periodic Review)”-ийг явуулдаг болохоор шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн хороогоор Хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхны илтгэлээ 2010 онд, 2 дахь илтгэлээ 2015 онд тус тус хэлэлцүүлсэн байна.
Илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад хүний эрхийг хангахтай холбоотойгоор цаазын ял, эрүүдэн шүүх, жендэрийн бодлого, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах зэрэг зөвлөмжийн хэрэгжилтэд багагүй амжилт гаргасныг гишүүн улсууд цохон тэмдэглэв.
Мөн түүнчлэн Жендэрийн үндэсний хорооны чиг үүргийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, хөвгүүдийн эрхийг хамгаалах зэрэг асуудлаар цаашид улам анхаарч ажиллахыг гишүүн орнуудаас зөвлөж байна.