ЖЕНДЭРИЙН БОЛОВСРОЛЫГ БҮХ НИЙТЭД ОЛГОХ ЦУВРАЛ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлэх” мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн зорилт 3-т “Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өрнүүлнэ”- гэж тусгасан байдаг.
Энэ хүрээнд Жендэрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Жендэрийн үндэсний хороо болон сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, мониторингийн Стратеги Академитай хамтран Германы Фридрих Эбэртийн Сангийн дэмжлэгтэйгээр 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 16 удаагийн цуврал сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа.
Энэхүү сургалтаар жендэрийн үндсэн ойлголт, жендэрийн тэгш байдал, мэдрэмжтэй ажил мэргэжлийн сонголт, жендэрийн мэдрэмжтэй ажлын байр, жендэрийн дүн шинжилгээ, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, жендэрийн мэдрэмжтэй нөлөөллийн үйл ажиллагаа, жендэрийн эрх тэгш байдал хөгжилтэй уялдах нь, жендэрт суурилсан хүчирхийллийн эдийн засгийн өртөг, жендэр ба соёлын асуудал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийн оролцоо зэрэг сэдвүүдээр цуврал сургалтыг Хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, О.Буянаа, жендэрийн үндэсний шинжээч Ш.Солонго, Жендэрийн сургагч багш М.Цасчихэр, Жендэрийн консорциумын гишүүн багш ХҮИС-ийн ЭЗНУ-ны тэнхимийн эрхлэгч дэд професор Н.Болдмаа, Хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан нар хичээлээ онол, практиктай уялдуулж, жендэрт суурилсан нийгмийн асуудлуудыг тодорхойлж, жендэрийн талаарх суурь мэдлэгийг олгохоос гадна жендэрийн эрх тэгш байдал, хандлагыг өдөр тутмын амьдралд хэвшүүлэхийг зорьсон юм.
Жендэрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх 16 удаагийн сургалтад нэг удаагийн 20-оос дээшгүй хүн бүртгэж нас, хүйс, мэргэжил хамаарахгүй хүссэн хүн бүхнийг үнэ төлбөргүйгээр нээлттэй оролцуулснаар ихээхэн ач холбогдолтой сургалт болж чадлаа.
Тус сургалтаар танхимаар орсон 14 сургалтад давхардсан тоогоор 280 хүн, цахимаар орж буй 2 сургалтад 80-аад хүн хот, хөдөө орон нутгаас хамрагдаж, нийт 360 гаруй хүнд үнэ төлбөргүйгээр, нээлттэйгээр хүргэжээ. Сургалтанд хамрагдсан хүмүүсийн ажил мэргэжлийн хувьд оюутан сурагч, багш, хүний эрхийн ТББ-ын ажилтнууд, сэтгэлзүйч, хуульч өмгөөлөгч гэх зэрэг салбар бүрийн төлөөллүүд оролцсон байна. Тус сургалтын үр дүнд сургалтад суусан оролцогчид жендэрийн талаарх үндсэн ойлголттой болсон төдийгүй оролцогчдоос санаачлан “Жендэрт суурилсан хүчирхийлэл”-тэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж буйгаа илэрхийлж олон нийтэд хандсан цахим арга хэмжээг өрнүүлж ажиллахаар боллоо.