ОРОН НУТГИЙН ИНБ-УУДАД 20.000 АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭЛГИЙГ ГАРДУУЛЛАА

Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төсөл 2019-2021 онуудад хэрэгжиж байна. Төслийн хүрээнд орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой олон нийтийн мэдээлэл харилцааны аянг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх тэтгэлэгт шалгарсан таван аймгийн ИНБ-уудад Жендэрийн үндэсний хорооноос тус бүр 4000 ам.долларын тэтгэлгийг гардууллаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн дэд хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Баянхонгор, Булган, Дорнод, Өмнөговь, Ховд зэрэг таван аймгийн нийт таван баг бүхий 27 ИНБ-ууд уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бөгөөд нийт 50 орчим хүн төслийн үйл ажиллагаанд оролцож, үр шимийг нь шууд хүртэх боломжтой болоод байна.
Covid-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тохиож буй энэ цаг үед орон нутгийн ИНБ-уудад санхүүгийн бодитой дэмжлэг болж, тэдгээрийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, олон нийтийн жендэрийн боловсрол дээшилж, улмаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавихад олон нийт, хувийн хэвшил, иргэдийн оролцоо нэмэгдэх ач холбогдолтой юм.
Дээрх иргэний нийгмийн байгууллагууд нь 2020 оны 10-р сараас 2021 оны 2-р сар хүртэл жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяныг орон нутагтаа өрнүүлж, жендэрийн бодлого хэрэгжилтийг эрчимжүүлж, жендэрийн тэгш эрхийг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлыг технологийн дэвшлийг ашиглан халдвар хамгааллын нарийн дэглэм дор амжилттай эхлүүлээд байна.