“Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх аргазүйн зөвлөмж”-ийг холбогдох бүх байгууллагуудад хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөр, тусгай арга хэмжээг боловсруулах, бодлогыг хэрэгжүүлэх эдийн засаг, эрхзүйн баталгааг бүрдүүлэх, түүнийг боловсруулах ажлыг аргазүйн удирдлагаар ханган ажилладаг.
Энэ хүрээнд тус Хорооноос санаачлан олон улсын болон үндэсний түвшинд хурцаар шүүмжилж, нэгдэн тэмцэж буй хүний эрхийн ноцтой зөрчил болох “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх аргазүйн зөвлөмж”-ийг холбогдох төр, төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулж, хэвлэн нийтлээд байна.
2019 онд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас баталсан “Хүчирхийлэл, дарамтын тухай” 190 дүгээр Конвенцод дээрх асуудлыг тусгайлан зохицуулсан бөгөөд Конвенцын агуулга зарчмын хүрээнд дэлхийн 130 гаруй орон хууль тогтоомжоо шинэчлэн мөрдөж эхлээд байна. Монгол Улсын хувьд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх ойлголт тодорхойлолт, энэ талаарх ажилтан, ажил олгогчийн эрх үүргийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд анх 2011 онд, энэ төрлийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд 2020 онд тус тус тусгасан хэдий ч хэрэгжилт хангалтгүй байгаа юм.
Иймд тус аргазүйн зөвлөмжийн хүрээнд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах, салбар, орон нутгийн харьяа байгууллагуудад зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт ажил олгогч нарт зөвлөж байна.
Зөвлөмжийг салбар, орон нутгийн удирдах дээд шатны бүх байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн болно.