“Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйг хөгжүүлэх санаачилгууд” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Азийн Хөгжлийн Банк болон Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь „Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйг хөгжүүлэх санаачилгууд“ сэдвийн хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлэг цахим хэлбэрээр явагдсан бөгөөд Жендэрийн Үндэсний Хорооны пейж хуудасаар дамжуулсан.

Хэлэлцүүлгийн зорилго нь Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйг хөгжүүлэхэд жендэр судлалын эрдэмтэн судлаачдын бүлэг, сэтгүүл зүйн хөтөлбөрт жендэрийн агуулгыг нэвтрүүлэхэд ажилласан их дээд сургуулийн сэтгүүлзүйн багш нар болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй мэдлэг мэдээллээ солилцох явдал байлаа.

Тус хэлэлцүүлэгт жендэрийн асуудлыг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид хэрхэн хөндөж байгаа талаар Хэвлэлийн хүрээлэнгийн түншлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунцэцэг судалгаа танилцуулж, Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хэрэгтэй тодорхой зөвлөмж, чиглэлийг оролцогчдод өгсөн юм.

Үүний дараа МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн профессор Б.Болд-Эрдэнэ их дээд сургуулиудын багш нартай хамтран жендэрийн агуулгыг сэтгүүл зүйн хөтөлбөрт хэрхэн тусгасан талаар судалгаа хийсний үр дүнд сэтгүүлзүйн хөтөлбөрт жендэрийн агуулгыг нэвтрүүлэх гарын авлага боловсруулан сэтгүүл зүйн сонгон суралцах хичээлийн тоонд оруулаад буй тухайгаа танилцууллаа. Хөтөлбөрийн гарын авлага нь үндсэн 2 бүлгээс бүрдсэн бөгөөд эхний бүлэг нь жендэрийн үндсэн ойлголтууд болох жендэрийн ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар заан сургахаас гадна жендэрт суурилсан сэтгүүлзүй, эх сурвалж, хүчирхийллийн хохирогчтой мэдрэмжтэй харилцах аргачлал, мөн жендэрийн статистик баримтыг ашиглах, эх сурвалжийн нууцлал, жендэрийн мэдрэмжтэй үг хэл найруулга, дүрслэл гэх мэт сэтгүүлчийн арга барилыг сайжруулахад чиглэсэн агуулгатай болсныг танилцуулгын хүрээнд хүргэлээ.

Мөн гарын авлагад жендэрийн нэр томьёог тайлбарласнаас гадна жендэрийн шалгуур үзүүлэлтүүд, хэвлэл мэдээллийн ёс зарчим гэх мэт сэтгүүлчдэд шаардлагатай мэдлэг мэдээллүүдийг багтаажээ. Энэхүү гарын авлагад тулгуурлан жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйн хөтөлбөрийг боловсруулсан тухайгаа ярилцлаа.

Сэтгүүлзүйн хөтөлбөрийн агуулгад жендэрийн агуулгыг нэвтрүүлэх энэхүү модулыг боловсруулах ажлыг Жендэрийн үндэсний хороо санаачлан хийж, МУИС-ийн сэтгүүлзүйн хөтөлбөрт туршилтын байдлаар оруулан зааж байгаа бөгөөд цаашид сэтгүүлч бэлтгэж буй бусад их дээд сургуулиудад нэвтрүүлэх ажлыг төлөвлөж байна. „4 дэх засаглалыг бэхжүүлж, хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллаж буй сэтгүүлзүйн салбарыг мэдлэгжүүлэх нь маш чухал. Бид энэхүү хөтөлбөрийг нэвтрүүлснээр сэтгүүлзүйн оюутнууд энэ талаар мэдлэг ойлголттой болох, мөн сэтгүүлзүйн багш нарыг энэ чиглэлээр мэргэшүүлэхэд анхааран ажиллахаа ЖҮХ-ын ажлын албаны дарга Т. Энхбаяр онцоллоо.

Хэлэлцүүлгээр жендэрийн эрх тэгш байдлын талаар сэтгүүлчдийн мэдлэг ойлголтын түвшин, редакцийн бодлогодоо тусгаж, өдөр тутмын ажилдаа хэрхэн хэрэгжүүлдэг тухайгаа хэвлэл мэдээллийн редкаторууд, сэтгүүлчид туршлагаасаа хуваалцав.

Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйг хөгжүүлэхэд сэтгүүлчдийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх сургалтууд зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга онцлов. ЖҮХ-ны ажлын албаны дарга Т.Энхбаяр “Бид сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахыг анхаарч ажиллаж байгаа бөгөөд тэдэнд сургалт өгөх ажлыг удирдлагын болон сэтгүүлчдийн түвшинд зохион байгуулахаар ирэх жилийн төлөвлөлгөөндөө түлхүү тусгасан” зэрэг орон нутагт хэрэгжүүлж буй Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар сайн туршлагуудаасаа хуваалцлаа.

Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйг хөгжүүлэхэд энэ чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчдийг урамшуулах, сэтгүүлзүйн оюутнуудын бүтээлүүдийг дэмжин хамтран ажиллах, сайн туршлагуудыг дэлгэрүүлэх тал дээр Жендэрийн Үндэсний Хороог хамтран ажиллахыг сэтгүүлчид багш нарын зүгээс мөн хүслээ.

ШУУД ҮЗЭХ https://www.facebook.com/watch/live/?v=834797973730703