ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

Улиран одож буй 2020 он Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд амаргүй жил байсан ч бид сорилтыг боломж болгон ашиглаж санасан, зорьсон, төлөвлөсөн, бүхнээ биелүүлсэн ололт, амжилтаар дүүрэн жил боллоо.
2020 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДАА ТАНИЛЦУУЛАХАД:
1. Монгол Улсын Засгийн газраас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү өндөр байгааг анхаарч энэ талаарх суурь судалгааг 2019 онд Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн бөгөөд судалгаанд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)-г” Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 99 дүгээр захирамжаар батлууллаа.
2. Засгийн газрын 2020 оны 80 дугаар тогтоолоор ЖҮХАА-ны орон тооны хязгаарыг 14 болгон нэмэгдүүлж, Ерөнхий сайдын 57 дугаар захирамжаар Ажлын албаны бүтцийг 2 хэлтэстэйгээр батлуулсан билээ.
3. Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор Хорооны бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Удирдлагын Академийн захирал, МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг нэмж батлуулсан бөгөөд Засгийн газрын 12 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар Хорооны дүрмийг шинэчлэн батлууллаа.
4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19.1.8, 19.1.9, 20.1.4-т заасан тайланг хүлээн авах “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг тайлагнах нэгдсэн загвар, захиргааны маягт”-ыг боловсруулж, Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 тоот тушаалаар батлууллаа.
5. 3 салбарт оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ хийгдэж, салбарын жендэрийн бодлогын төсөл боловсруулагдлаа, 3 аймагт жендэрийн дэд хөтөлбөр батлагдсанаар 21 аймаг дэд хөтөлбөртэй боллоо, нийслэл, нийслэлийн 3 дүүрэгт жендэрийн дэд хөтөлбөр батлагдсанаар нийслэлийн 8 дүүрэг дэд хөтөлбөртэй боллоо.
6. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үндэсний хэмжээнд сайн туршлага бий болгох ажлыг зохион байгуулж, сонгогдсон 5 аймгийн үйл ажиллагааг албан ёсоор баримтжуулж Хорооны 2021 оны ээлжит хуралдаанд танилцуулахад бэлэн болоод байна.
7. МҮХАҮТанхимын оны шилдэг аж ахуй нэгж шалгаруулах шалгуурт үзүүлэлтэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах 9 шалгуур үзүүлэлт, түүнийг ашиглах тооцоолох зөвлөмжийг боловсруулан хүргүүлсэн бөгөөд эдгээрээс 4 шалгуур үзүүлэлтийг оны шилдэг аж ахуй нэгж шалгаруулах шалгуурт тусгасан байна.
8. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.1.1-д заасан ажлын хүрээнд “Ажлын байрын бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх аргазүйн зөвлөмж”-ийг (1. Төрийн байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдад, 2. Төрийн байгууллагаас бусад бүх хуулийн этгээдийн удирдлага, ажилтан, ажил олгогч, иргэнд хамаарах) боловсруулж бүх талуудад хүргүүллээ.
9. Салбарын жендэрийн бодлого, орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой “Оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ”-г хийж гүйцэтгэх чадавхыг хөгжүүлэхэд туслах 6 үе шаттай аргачлалыг боловсрууллаа.
10. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэх мөн Жендэрийн салбар зөвлөлийн жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцах зорилгоор 13 яамны жендэрийн салбар зөвлөлтэй Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хорооны бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллаа.
11. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого төлөвлөлт, төсөвлөлт” төрийн албан хаагчдад зориулсан гарын авлагыг боловсрууллаа.
12. Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, оролцоонд суурилсан ХШҮ-ний аргачлалыг танилцуулах бүсийн сургалтыг 2020 оны 8 дугаар сард Булган, Говь-алтай, Дундговь аймгуудад зохион байгуулсан бөгөөд тус сургалтад 21 аймгийн 107 ТББ-ын төлөөлөл, ЗДТГ-ын холбогдох ажилтнууд оролцлоо.
13. Аймгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чиглэлээр ТББ-уудыг чадавхжуулах хүрээнд Баянхонгор, Булган, Ховд, Өмнөговь, Дорнод аймгийн ИНБ-уудын нэгдсэн багт нийт 20000 ам долларын тэтгэлэг гардууллаа.
14. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 4.6-д тусгагдсан Удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим сургалтад 14 яам түүний харьяа агентлагийн нийт 1159 удирдах ажилтан хамрагдаж, төрийн захиргааны удирдах албан тушаалтны 21 хувь, төрийн тусгай албан хаагчдын 18 хувь нийт төрийн албаны удирдах ажилтны 39 хувь хамрагдсан байна.
15. Жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, чиглэлээр танхимын болон цахим сургалтаар салбар, орон нутгийн нийт 1860, үүнээс эмэгтэй-742, эрэгтэй-1118 байна.
16. Жендэрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Жендэрийн үндэсний хороо болон сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, мониторингийн Стратеги Академитай хамтран Германы Фридрих Эбэртийн Сангийн дэмжлэгтэйгээр 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 16 удаагийн цуврал сургалтыг амжилтай зохион байгуулж дууслаа. Танхимаар орсон 14 сургалтад давхардсан тоогоор 280 хүн, цахимаар орж буй 2 сургалтад 80-аад хүн хот, хөдөө орон нутгаас хамрагдаж, нийт 360 гаруй хүнд үнэ төлбөргүйгээр, нээлттэйгээр хүргэлээ.
17. Монгол Улс дахь хөгжлийн түншлэгчтэй хийх уулзалтыг хагас жил тутамд буюу нийт 2 удаа зохион байгууллаа. Цар тахлын үед ч байгууллагын гадаад хамтын ажиллагааг хэвээр үргэлжлүүлж нийт 20 удаагийн хурал уулзалтуудыг цахимаар зохион байгуулсан. Мөн 9 удаагийн олон улсын өндөр хэмжээний хуралд оролцсон байна.
18. НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцдэг “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг”-т оролцож Монгол Улсын үндэсний гуравдугаар илтгэлийг амжилттай хамгааллаа.
19. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан улс төрийн намуудын манлайлагч эмэгтэйчүүдэд зориулсан “Жендэр, жендэрийн тэгш бус бадал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх чадавх бэхжүүлэх” онлайн сургалтыг зохион байгуулсан бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намд (2020 оны 2 дугаар сарын байдлаар) албан бичгээр хандсанаас нийт 15 намын 60 эмэгтэй оролцогчид хамрагдсан.
20. 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих хүрээнд “Тэнцвэртэй хүч” аяныг 1 сарын хугацаанд зохион байгуулж телевиз, сайт сонин гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж мөн сошиал орчинд контентуудыг бэлтгэж нийлүүлсэн.
21. Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-нд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдлээ. Аянг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх 11-р сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд үг хэлсэн бөгөөд Засгийн газрын гишүүд, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд нэгдэн нээлтийн үг хэллээ.
Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Жендэрийн үндэсний хорооны дарга, гишүүд, зөвлөх, Жендэрийн салбар зөвлөл, хороод, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Эрдэмтэн судлаачдын бүлэг, төр, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагуудын удирдлага, мэргэжилтэн, албан хаагчдын санаачилга, дэмжлэг, хүчин чармайлт, оруулсан хувь нэмэрт тань ЧИН СЭТГЭЛИЙН ХАЛУУН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Танд болон таны хамт олон, гэр бүлд тань айлчлан ирж буй 2021 ондоо амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Хүндэтгэсэн: Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр