МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭС ГАРГАСАН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАСАН ШИЙДВЭРИЙГ УИХ ХҮЛЭЭН АВЧ ХОЛБОГДОХ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР БОЛЛОО

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
 
Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ, Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь…0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх…-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль …-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … хүйс …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. …”гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.
 
Иймээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “…0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, …”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
Хууль зүйн Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч  чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон билээ.
 
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авч УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Ингэснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж үзсэн юм. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд “жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлого”-д төрийн хариуцлагын болон жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим байдаг бөгөөд энэ нь төр эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлыг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжоор ногдуулсан үүргээ биелүүлэх, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх үүрэгтэйг тодорхой заасны дагуу УИХ нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлоготой нийцүүлсэн тогтоолыг баталлаа.