БУЛГАН АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Жендэрийн Үндэсний Хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ (ОХШҮ) хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах тэтгэлэг зарласан.
Тус тэтгэлэгт Булган аймгийн “Гэрэлт ирээдүйн оршихуй”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Оргил Мээж Холбоо”, “Ажил олгогч эздийн холбоо” зэрэг зэрэг нийт гурван Иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын хамтарсан баг шалгарч орон нутгийн дэд хөтөлбөрт оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.
Орон нутгийн ИНБ-уудыг чадавхжуулж, тэдгээрийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, цаашдын бодлого төлөвлөлтийг илүү оновчтой болгоход чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг төслийг хэрэгжүүлэгч талууд онцолж байна.
Булган аймаг нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг 2013 онд баталж, 2016 он хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд аймгийн ИТХ-аараа тус дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж 2020 он хүртэл жил бүрийн төлөвлөлтөөр 4 зорилтын хүрээнд 18 үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээгээр 61 хувийн гүйцэтгэлтэй байна гэж дүгнэгджээ.
Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Түр хамгаалах байр”, Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт Эрэгтэйчүүдийн кабинет, Булган сумын Соёлын төвд Гэрлэх ёслолын өргөө байгуулж үйл ажиллагаагаа тогтвортой явуулж иргэдэд шаардлагатай үйлчилгээг үзүүлж байна. Мөн залуу малчин өрхийг малжуулах арга хэмжээг Булган аймгийн 16 сум, 1 тосгонд зохион байгуулж 2013-2016 онд 196 малчин өрх, 2017-2020 онд 122 малчин өрхийг хамруулан малжуулахад 998,8 сая төгрөгөөр 9539 толгой мал худалдан авсан нь иргэдэд шууд үр өгөөжөө өгсөн ажил болжээ.
Харин сумдад жендэрийн салбар хороо (дэд салбар хороо) байгуулагдаагүй, иргэдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй, хөтөлбөрийн талаар мэдээлэл хомс, гэр бүл, хөдөлмөрийн харилцаанд жендэрийн хэвшмэл ойлголт хүчтэй оршсоор байгаа зэрэг нь хөтөлбөрийн үйл ажиллагааны хүртээмжийг бууруулах үндсэн нөхцөл болсон. Иймд хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж (жендэрийн дэд салбар хороо)-г сум бүрт байгуулан, жендэрийн мэдлэг ойлголтыг сайжруулах, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтвортой урт хугацаанд, мэдээлэл түгээх олон сувгийг ашиглан олон нийтэд хүргэх арга хэмжээг дараагийн дэд хөтөлбөрийн төлөвлөлтөд зайлшгүй тусгах шаардлагатайг онцоллоо.
ИНБ-уудын хамтарсан оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний баг хяналт шинжилгээ үнэлгээний явцад цуглуулсан мэдээлэл, үнэлгээний үр дүнд тулгуурлан дараах зөвлөмжүүдийг боловсруулж аймгийн удирдлагууд, шийдвэр гаргагч нарт хүргүүлж байна. Үүнд:
1. Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөр (ОНЖДХ) боловсруулахдаа орон нутгийн онцлог, тулгамдаж буй асуудлыг судлан тусгах,
2. ОНЖДХ хэрэгжүүлэх бүтэц нэгжийг сум бүрт бий болгох, нэгжийн боловсон хүчнийг сургаж чадавхжуулах ажлыг тогтмол зохион байгуулах,
3. Нийгмийн салбарын байгууллагуудад жендэрийн асуудал хариуцсан ажилтанг бий болгож салбар бүрийн үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй болгоход анхаарах,
4. ОНЖДХ-ийн хэрэгжилтэд шаардлагатай төсөв, санхүүжилтыг ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах,
5. Жендэрийн тухай ойлголтыг сурталчлах агуулга, хөтөлбөрийг мэргэжилтнүүдэд, төрийн албан хаагчдад, иргэд-олон нийтэд гэсэн онцлог хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, тогтмол зохион байгуулах,
6. Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого чиглэл, түүний үр нөлөөг төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бусад бодлого хөтөлбөртэй уялдуулах, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр төсөлд жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх .. арга хэмжээг анхааран ажиллах шаардлагатай байна.