Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо анх удаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны талаарх Засгийн газрын тайланг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг даргалж Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсан бөгөөд тус хуулиар Улсын Их Хурал нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”, “Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайлан”-г хоёр жил тутам хэлэлцэж, дүгнэлт гаргахаар заасан юм.
Энэ хүрээнд дээрх тайлангуудыг анх удаа УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцууллаа.
Тэрээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу хөгжлийн үр шимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсвийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хэрэгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буйг онцлов.
Тус хуралд УИХ-ын Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Б.Бейсен, С.Чинзориг нар танхимаар, бусад гишүүд цахимаар оролцож, Засгийн газрын тайлантай холбоотой асуулт асууж, санал хэлэв.
Хуралдаанд Жендэрийн үндэсний хорооны салбарын зөвлөлийн дарга буюу БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Д.Сүхжаргалмаа, Ажлын албаны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг нар танхимаар болон цахимаар оролцож гишүүдийн асуултад хариулав.
Засгийн газрын тайлангуудыг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны дарга М.Оюунчимэг конвенц, хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийг хангуулахад Ерөнхий сайдын дэргэд байгуулагдаж буй Бодлогын зөвлөл, Нийгмийн бодлогын байнгын хороо хамтран ажиллаж, зөвлөмж хүргүүлэх талаар тэмдэглэж, тайлангуудыг хэлэлцэж дууссанаар хуралдаан өндөрлөв.