Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас “Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний талаарх бодлогын хэлэлцүүлгийг дэмжих нь” сэдэвт цахим уулзалтыг зохион байгууллаа

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон ЕСБХБ-ны Жендэр ба хүртээмжийн газар, Жендэрийн Үндэсний хороотой хамтран “Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний талаарх бодлогын хэлэлцүүлгийг дэмжих нь” сэдэвт цахим уулзалтыг 5-р сарын 13-нд зохион байгууллаа.
Энэхүү цахим уулзалт нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх бизнес орчинг бүрдүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшлийн анхны хэлэлцүүлэг болсон бөгөөд тус уулзалтын үеэр Монгол дахь Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны судалгааны үр дүнг танилцуулсан. Энэхүү арга хэмжээнд ХНХЯ, СЯ, ГХЯ, Монгол Банк, НҮБХХ, Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, АХБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Зөвлөл, Ноос Ноолуурын Холбоо зэрэг төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын донор байгууллагуудын 50 орчим төлөөлөгч оролцлоо.
Цахим уулзалтаар “Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл өгч, Монголын Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны судалгааны анхны үр дүн болон бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмыг байгуулахын ач холбогдлын талаар ярилцав. ЕСБХБ-с хувийн хэвшлийн түнш санхүүгийн байгууллагуудаар дамжуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүжилт олгох, “Жижиг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх хөтөлбөр”-өөр дамжуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн бизнесийн хүртээмжийг дэмжих бодлогын зохицуулалт болон төрийн дэмжлэг үзүүлэх механизмыг сайжруулах зорилгоор техникийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Ханнес А Такач хэлэхдээ: "Жендэрийн тэгш байдлыг дэмжих нь ЕСБХБ-ны Стратегийн үйл ажиллагааны тэргүүлэх гурван чиглэлийн нэг юм. ЕСБХБ нь хувийн хэвшилд хөрөнгө оруулалт оруулах үйл ажиллагаандаа тухайн орны бизнесийн орчныг бэхжүүлэх бодлогын өмгөөлөллийг хослуулан хэрэгжүүлэх арга барилыг нутагшуулан ажиллаж байна. Энэ жил бид жендэрийн тэгш байдлыг хангахад Банк хэрхэн нөлөөлөх талаархи өөрсдийн хүсэл эрмэлзэл, алсын харааг тодорхойлон иж бүрэн шинэ стратегийг эхлүүлэх гэж байна. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд жендэрийн уялдаа холбоог бэхжүүлэн өргөжүүлэхийг хүсч байгаа ба жендэрийн чиглэлээр хөрөнгө оруулалах, бодлогын өмгөөлөлөл, дотоодын байгууллагуудын институцийн чадавхийг бэхжүүлэх, гол түншүүдтэйгээ идэвхтэй харилцах хүсэлтэй байна."
Жендерийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Хатагтай Т. Энхбаяр хэлэхдээ “ЕСБХБ-ны энэхүү төсөлд Монгол Улс хамрагдах болсон нь маш том нэр төрийн хэрэг. Энэхүү төслийг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулсан олон байгууллага байгаа, тэр дундаа МҮХАҮТ, танхимын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Зөвлөл, мөн энэ чиглэлийн судалгааны байгууллагуд идэвхтэй ажиллаж төслийг Монгол Улсад нутагшуулахад хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье. Тус төслийг бодлогын түвшинд дэмжин төслийн зорилгыг биелүүлэхэд ЖҮХ-ны дэргэд Удирдах Зөвлөлийг байгуулах санал тавьсныг Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэгтэй Жендэрийн Үндэсний Хорооны тогтоолоор батлаж боловсруулахаар ажиллаж байна” гэлээ.