ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан болон комиссын гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид, Г.Нарантуяа, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нартай цаашдын хамтын ажиллагааны чиглэл тодорхойлох, санал солилцох уулзалтыг өнөөдөр ХЭҮК-ын байранд зохион байгууллаа.
Жендэрийн үндэсний хороог төлөөлж Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Нийгмийн түншлэл хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхтулга нар оролцсон уулзалтаар ХЭҮК-той ЖЭТБХТ хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж ирсэн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, ойлголтоо нэгтгэж цаашид дараах чиглэлүүд ахисан түвшинд хамтран ажиллахаар хоёр тал санал нэгдлээ. Үүнд:
- 2011 онд батлагдсан ЖЭТБХТ хуульд тусгагдсан Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гомдлыг шийдвэрлэх чиглэлд ахисан түвшинд хамтран ажиллах. Түүнчлэн ХЭҮК-д ирүүлсэн жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамт болон бусад гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд Жендэрийн үндэсний хорооноос төлөөлөл оролцуулах, байлцуулах,
- Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтын асуудал тэр тусмаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангах асуудалд үр дүнтэй хамтран ажиллах арга хэлбэрийг тодорхойлох,
- Төрийн байгууллагыг удирдах албан тушаалтан болон албан хаагчдыг хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй болгох сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа, хэлэлцүүлгүүдэд хоёр талын оролцоог хангах,
- ХЭҮК-ын хоёр жил тутам тайлагнадаг Хүний эрхийн илтгэл дээр тусдаа бүлэг болон ордог ЖЭТБХТ хуулийн хэрэгжилтийг тайлагнадаг үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зэргээр хамтран ажиллахаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан “УИХ-ын даргын Г.Занданшатарын санаачилгаар хийгдэх УИХ-аас баталсан хууль тогтоомжуудад Хүний эрхийн дүн шинжилгээ хийх ажилд жендэрийн асуудал тусгагдана. Энэ хүрээнд ЖҮХАА холбогдох саналаа хүргүүлж, хамтран ажиллахад нээлттэй. Мөн нэгдмэл зорилготой манай хоёр байгууллага хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд олон нийтийг соён гэгээрүүлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд урт хугацаанд хамтран ажиллах нь зүйтэй” гэв.