ҮНДЭСНИЙ СИМПОЗИУМ-ийг цахим хэлбэрээр сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр зохион байгуулах гэж байна

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх, тэдний амьжиргааг сайжруулах боломжийг судлан бодлогын зөвлөмж гаргах судалгааны төслүүдийг сонгон шалгаруулж ҮНДЭСНИЙ СИМПОЗИУМ-ийг цахим хэлбэрээр сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр 2021.06.17-ны өдөр танилцуулах гэж байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд манай улсын хөдөө аж ахуйн салбарын 84.9 хувийг бүрдүүлж буй нүүдлийн мал аж ахуй, малчин өрхүүдийн амьжиргаа эн тэргүүнд өртөж байна. Нөгөө талаас малын тоо толгойг хязгаарлаж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээр, усны нөөцөө зөв зохистой ашиглаж хайрлан хамгаалахад малчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүнд малчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн ялгаа, түүнээс үүдэн байгаль орчноо хамгаалахад оруулж буй онцлог хувь нэмрийг харгалзах, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд тэднийг дэмжих арга замыг зөв оновчтой тодорхойлох нь чухал. Тиймээс 2018 онд болсон “Тогтвортой Хөгжлийн Зорилт: Жендэр ба хөгжил” олон улсын бага хурлаас гарсан “Улаанбаатарын тунхаглал”-д тал нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, нүүдэлчин амьдралын хэв маягт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах стратегийг жендэрийн мэдрэмжтэй байдлаар нэн даруй боловсруулан хэрэгжүүлэхийг уриалсан билээ.

Малчин эмэгтэйчүүдийн байгаль орчин, байгалийн нөөц баялгаа хадгалж хамгаалах, зохистой ашиглахад гүйцэтгэж ирсэн түүхэн үүрэг болон өнөөгийн нөхцөлд тэдэнд тулгарч буй бэрхшээл, сорилтыг судлан, аж байдлыг нь сайжруулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор судалсан судалгааны үр дүн дүгнэлтийг ийнхүү танилцуулах гэж байна. 

Үйл ажиллагаанд судлаач нар доорх сэдвүүдийн хүрээнд хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулж, үр дүнг хэлэлцэнэ. 
  1. Ш.Оюунтуяа "Хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн аж амьдралд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, амьжиргааг дээшлүүлэх боломж", Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум
  2. З.Ундрахын Говь, Хангайн бүс нутагт хийсэн "Аялал жуулчлалд тулгуурлан малчин эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлэх боломж", Өмнөговь, Дундговь, Архангай, Өвөрхангай 
  3. М.Батбаатар "Архангай аймгийн малчин эмэгтэйчүүдийн амжиргааны түвшин, нөхцөл байдлыг тодорхойлох нь", Архангай аймгийн Батцэнгэл, Өндөр-Улаан сум 
  4. Н.Янжиндагам "Малчдын уур амьгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй зарим арга, аргачлалууд", Ховд аймгийн Ховд, Манхан сум
  5. Ө.Гэрэлт-Од "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ба уур амьсгалын нөлөөлөл" Төв аймгийн Жаргалант сум.
Уг ажлыг Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байна. Энэхүү төсөл нь улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, соёлын болон гэр бүлийн бүхий л харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах (ЖЭТБ), ЖЭТБ-ын үзэл баримтлалыг үр дүнтэй тусгах замаар Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад чиглэж байгаа билээ.

Үйл ажиллагааны хөтөлбөрийг https://bit.ly/3vriWun уг холбоосоор үзнэ үү. 
Үйл ажиллагаанд оролцох холбоос: https://us02web.zoom.us/j/89479550353?pwd=UWxQdnNxb0tYdkh1V29KYUd0ZUk3UT09 
Webinar ID: 894 7955 0353
Passcode: 123456