ХӨДӨӨ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛЛАА

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд манай улсын хөдөө аж ахуйн салбарын 84.9 хувийг бүрдүүлж буй нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин өрхүүд эн тэргүүнд өртөж байна. Цаашилбал, энэ нь орон нутагт амьдардаг гэр бүлийн жендэрийн харилцаанд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн тогтвортой байдлыг алдагдах шалтгаан болж байгаа юм. Цөлжилт, хөрсний хуурайшилт нь аж ахуй эрхлэх үйл явцыг хүндрүүлснээр холын нүүдэл хийх нь нэмэгджээ. Энэ нь мал аж ахуй болон тариалан эрхлэгчдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас гадна ажлын ачааллыг нэмэгдүүлж гэр бүл тусдаа амьдрахад хүргэж байна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт нь мал цөөтэй, орлого багатай, өрх толгойлсон малчдад илүү тусаж байгааг судалгаа харуулжээ. Энэ бүх хүчин зүйлсийг эерэгээр даван туулах, орлогын эх үүсвэрээ тодорхой системтэйгээр нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг эрэлхийлсэн говь, хангайн бүсийн долоон аймгийн сумдад хийж гүйцэтгэсэн судалгааг танилцуулж, үр дүнг ҮНДЭСНИЙ СИМПОЗИУМ-аар хэлэлцлээ.
Үндэсний хэмжээнд цахимаар зохион байгуулагдсан үйл ажиллагааг нээж Жэндэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий нар үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх нар оролцогчдод хандаж мэндчилгээ дэвшүүллээ.
Архангай аймгийн Батцэнгэл, Өндөр-Улаан сумдад хийгдсэн судалгааг харвал, малчин өрхийн эмэгтэйчүүд өрхийн худалдан авалт болон цагаан идээ борлуулалтаас олох орлогод зонхилох үүрэг оролцсоноор гэр бүл дэх байр суурьт эерэгээр нөлөөлж, шийдвэр гаргах эрх мэдлийг олгодог байна. Энэ нь малчин өрхийн эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, орлого олох чадваргүй гэсэн жендэрийн хэвшмэл хандлагыг үгүйсгэж байгаагийн илрэл юм.
Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад тэр тусмаа малчин эмэгтэйчүүд хөрөнгийн хариуцлага бүхий бизнесийн нэгдэл, хоршооллыг үүсгэх нь өрхийн аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, технологи нэвтрэлтийг түргэсгэх давуу талтай. Гэвч энэ чиглэлээр эхлүүлсэн олон удаагийн санал санаачилгууд тогтвортой урт хугацаанд үргэлжлэхгүй байгаа шалтгааныг салбарын мэргэжилтнүүд нь тодорхойлж дараагийн шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг судлаачид онцолж байна.
Симпозиумд 21 аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, жендэрийн үндэсний шинжээчид, жендэрийн салбар зөвлөл 14 яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, жендэрийн мэргэжилтэн, судалгаанд хамрагдсан сумдын холбогдох албан тушаалтнууд, олон улсын байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, ИНБ-ууд бүхий болон бусад төлөөллүүд оролцож байна.
Уг судалгааг Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард таван судлаачийг сонгон шалгаруулж тус бүр 2,500 ам.доллар, нийтдээ 12,500 ам.долларын тэтгэлгийг гардуулсан. Энэхүү төсөл нь улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, соёлын болон гэр бүлийн бүхий л харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах (ЖЭТБ), ЖЭТБ-ын үзэл баримтлалыг үр дүнтэй тусгах замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэж байгаа билээ.
Судалгааны үр дүнг танилцуулсан ҮНДЭСНИЙ СИМПОЗИУМ-ийг https://www.facebook.com/gender.gov.mn/videos/324454572475535 холбоосоор орж бүрэн эхээр нь үзнэ үү.