МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 19, 20 ДАХЬ ИЛТГЭЛИЙГ УИХ-ЫН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЛЭЭ

ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

19 дэх илтгэл нь дөрвөн бүлгээс бүрдсэн бөгөөд илтгэлийн хоёрдугаар бүлэг бүхэлдээ “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”-ийг тайлагнах, эрчимжүүлэхэд чиглэгдсэн байдаг. ХЭҮК нь ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийн асуудлаар Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар доорх саналыг дэвшүүлсэн байна. Үүнд:
  1. ЖЭТБХтХ, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх;
  2. Орон нутгийн төсөвт ЖЭТБХтХ болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тогтмол тусгах;
  3. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох;
  4. ЖЭТБХтХ болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн биелэлтийн дүнг Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгож үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  5. Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хорооноос гаргаж буй хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, мэдээг нэг загвар, шалгуураар гаргах;
  6. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүчирхийлэл болон дарамтын тухай 190 дүгээр конвенцыг соёрхон батлах зэрэг болно.
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-ийг 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан. 20 дахь илтгэл нь дэлхий нийтэд нүүрлэсэн КОВИД-19 цар тахлын аюулын нөхцөл байдалд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхэд суурилж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх “КОВИД-19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд боловсруулснаараа онцлогтой.