80 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГТ ТӨСЛҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

“Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах төрийн бус байгууллагуудын шинэ санаа, санаачлагыг дэмжих” тэтгэлгийн хүрээнд шалгарсан 10 ТББ-ууд төслүүдээ өнгөрсөн зургаан сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Азийн сангаас Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран дээрх агуулгын хүрээнд хамгийн оновчтой арга хэмжээг санал болгосон 10 ТББ-уудад тус бүр 8 сая төгрөг буюу нийт 80 сая төгрөгийн тэтгэлэг олгосон билээ.
Төслийн зарим ажлуудаас дурьдвал;
“Төвшин сайхан мөнх” ТББ-ын “Хог ангилан ялгаж баялаг бүтээгч охид, эмэгтэйчүүдэд туслах” төслийн хүрээнд жилийн 4 улиралд гадаа гудманд дахивар нөөц авдаг цэгийн ажилчид болон дахивар түүгчдэд зориулсан 5*6 хэмжээтэй түр амрах байрыг барьж тохижуулж, хог ангилан ялгадаг охид, эмэгтэйчүүдийг халдвар хамгааллын хэрэгслээр хангаж, тэдгээр охид эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар чадавхжуулах, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх 3 удаагийн сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн дахивар нөөцийн сав (лаазан хэлбэртэй)-ыг урлаж томоохон худалдааны төв, газруудад байршуулан ажилласан байна.
“Хөх ухаан” НҮТББ-ын “Нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа өрх толгойлсон эхчүүд болон өсвөр насны охидын хувийн ариун цэврийн асуудалд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд БЗД-ийн 27 хорооны олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай нийт зорилтот 50 өрх 150 гаруй охид, эмэгтэйчүүд (3 сарын турш давхардсан тоогоор 450 гаруй)-д наад захын ариун цэврийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээ буюу халуун усанд орох үйлчилгээг хүргэж, ариун цэврийн хэрэгслийн багц, ариутгал болон эрүүл мэндийн багцыг олгож, хувийн ариун цэвэр, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг өгч ажилласан.
Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбооны Өвөрхангай аймаг дахь салбар ТББ-ын “Цахим сэргээш-хөдөлмөр эрхлэлт” төслийн хүрээнд Арвайхээр сумын ажил, орлогогүй 100 эмэгтэйгээс 7 хүн байнгын, 16 хүн түр ажилд орсон, 8 хүн ажлын сонгон шалгаруулалтад тэнцсэн байна.
“Бид чадна эм эн нэгдэл” ТББ-ын “Цэцэг бүр анхилуун” төсөл Тэргэнцэртэй охид эмэгтэйчүүд эмийн чанартай ургамлуудыг гэртээ тарих, цахимаар худалдахад сурган, бүлэгт нэгдэн бизнесийн сүлжээ үүсгэх, харилцан суралцаж, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ургамал тарих сургалт явууллаа. Энэ хүрээнд 7 төрлийн тасалгааны цэцэг, 2 төрлийн мандалын ургамал тарьж суран цаашид өрхийн хэрэглээгээ хангадаг болж, тасалгааны ургамал болон цэцгийн бизнес хийх чадварт суралцсан байна.
Тэтгэлэгт шалгарсан ТББ-ууд болон хэрэгжсэн төслүүдийн сэдэв чиглэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.