"ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ" ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

ЖҮХАА, АХБ-ны техникийн туслалцааны төслийн Жендэрийн зөвлөх баг хамтран эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгжих жендэрийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд оролцогч талуудыг чадавхижуулах зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр семинар зохион байгуулж, салбарын 40 орчим ажилтан, албан хаагч оролцлоо.

Семинарыг нээж Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга Э.Галбадрах нар жендэрийн мэдрэмжтэй бодлого, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар үг хэлсэн бөгөөд жендэрийн эксперт, мэргэжилтнүүд семинарыг чиглүүлэн явууллаа.

Мөн “Гал голомт” Үндэсний хөдөлгөөний тэргүүн, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн жендэрийн зөвлөх Д.Мөнхөө тус семинарт оролцож, “Эрүүл мэндийн салбар дахь жендэрийн асуудал" сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.

Эрүүл мэндийн салбарын жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төлөвлөгөөний гол зорилго нь жендэрийн үзэл баримтлалыг эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгааг жендэрийн мэдрэмжтэй болгох ажлыг эрчимжүүлж, “Жендэрийн тэгш байдлыг хангах тухай” хууль болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм.

LXTdXB5T2LHpwUZ.jpg

oXX6NSnUFNVRIo9.jpg

brdMmQGg9O1sAYk.jpg

niDlm1P8uB7aGQv.jpg

ghqxZyk0348APjJ.jpg