Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Улаанбаатар хот, 2018 оны 06 дугаар сарын 08: Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сэтгүүл зүйн болон гэрэл зургийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Шагналын эзэд “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо”, “Жендэрийн тэгш байдал миний дуранд” гэсэн хоёр уралдаанд бүтээлээ илгээсэн юм. Нийт 50 гаруй оролцогчийн 100 орчим сурвалжлага, мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг, асуудал хөндсөн цуврал нийтлэл, гэрэл зургийн бүтээл уралдаанд өрсөлдөв.

Уралдааны талаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр: “Бид шилдгүүдийг тодруулахдаа сэдэв, чанар, өгүүлэмжээс гадна тухайн бүтээл нь жендэрийн тэгш байдлыг дэмжсэн үнэт зүйл, соёлыг бүтээхэд чиглэсэн эсэх, хэвшмэл ойлголтыг арилгахад хувь нэмэр оруулахуйц эсэх, үндэсний болон салбарын, орон нутгийн жендэрийн бодлогыг дэмжихэд чиглэсэн эсэхийг харгалзсан юм. Хоёр сарын турш үргэлжилсэн шилдэг бүтээлийн уралдааны үр дүнд олон нийт жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлж, Монгол Улсын нөхцөл байдлыг бодитоор таньж мэдэхэд ахиц гарсан гэдэгт итгэлтэй  байна” гэв.

Түүнчлэн тэрбээр бүтээлүүд нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль алины асуудлыг хөндсөн төдийгүй боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хүчирхийлэл, эдийн засаг, уул уурхай, улс төр, хууль эрх зүйн салбар дахь жендэрийн олон талт байдлыг хөндсөн гэдгийг онцоллоо.

Шилдэг бүтээлийн уралдааныг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулсан юм.

02 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд уралдааныг зарлаж, бүтээлийг хүлээн авсан аж.

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах: “Бид өнгөрсөн хорин жилийн хугацаанд сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг байгаль орчин, эдийн засаг, хүүхдийн эрх, засаглал, хүчирхийлэл гэхчилэн  өргөн хүрээнд зарлаж, сэтгүүлчдийг урамшуулж, дэмжиж ирсэн. Энэ удаа жендэрийн хэвшмэл ойлголтыг халах зорилгод нэгдэж, шилдэг бүтээлийн эздийг тодруулж байна” гэлээ.

Жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн сэтгүүл зүйн болон гэрэл зургийн бүтээлийн уралдаан ийнхүү зохион байгуулагдлаа.

“Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлийг танилцуулж байна.

Телевиз, радиогийн бүтээлийн төрөлд:

1-р байр: Ийгл ТВ-ийн сэтгүүлч Б.Батцэцэг - “Бодит байдал” сурвалжлага
2-р байр: ЭКО телевиз - “Сэдэв” мэдээллийн хөтөлбөр
3-р байр: МҮОНРадиогийн Хүүхэд, залуучуудын редакц - “Гэр бүлийн хөгжил ба жендэрийн тэгш байдал” хөтөлбөр

Сонин, сайтын бүтээлийн төрөлд:

1-р байр: “Өнөөдөр” сонин, Х.Уянга – “Галбын говийн шинэ эзнийг гарынхаа аясаар хөдөлгөдөг бүсгүй” хөрөг нийтлэл
2-р байр: Гэрэг.мн сайт, Б.Цэцэгдэлгэр – “Ижил тэгш оролцоо илүү ихийг бүтээнэ”
3-р байр: Чөлөөт сэтгүүлч Ц.Оюунтунгалаг – “Манай цэцэрлэгийн аав багш”

 “Жендэрийн тэгш байдал миний дуранд” гэрэл зургийн бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээл

1-р байр:  Г.Эрдэнэтуяа – Уул уурхай, хүнд үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн ажиллаж байна
2-р байр:  Баян-Өлгий аймгийн оролцогч Т.Али – Малчны хотон дахь “Жендэрийн тэгш байдал”
3-р байр: Ё.Нямдаваа – “Хайртай...” Цагдаагийн албанд бүсгүйчүүд ч ажиллаж байна. Саяхан төрсөн цагдаа эмэгтэй, гэр бүл, ажил, амьдралдаа хайртай.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягнаас лавлана уу.

Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба
Утас: 51-261569

Хэвлэлийн хүрээлэн ТББ
Утас: 350002
www.pressinst.org.mn

xKbwdamniKOBJLP.jpgTCcSeX6AIXHdrdN.jpgO9KVaZ0IOeTJpup.jpgFmNb3uv2uBF3ZL0.jpg
IqeSftlVXEcLPSU.jpg
iZzH9CRGhqB7Pno.jpg3tvVOxJR5KxGE5E.jpg